ХАБЭА-н тухай хууль

Хуулийн агуулга

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн “Хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт” гэсэн Зургадугаар бүлэгт ажлын байрны нөхцөл, ажилтны осол авааргүй ажиллах талаархи ерөнхий шаардлага тусгагдсан нь хөдөлмөр эрхэлж байгаа нийт иргэдэд тэр бүр хамаарахгүй байгаагийн гадна үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг бүрэн зохицуулж чадахгүй байгаа тул тусгайлан хууль гарган  зохицуулах шардлага бий болсныг  үндэслэн Монгол Улсын Засгийн газраас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн төслийг  санаачлан боловсруулж өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж, 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа батлан гаргасан.

Уг хуульд дараахи асуудлуудыг тусгасан:
  - Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, 
  - Хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах иргэн, ажилтны эрх, үүрэг, 
  - Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлого, тэдгээрийг судлан бүртгэхтэй холбогдсон харилцаа,
  - Аж ахуйн нэгж байгууллагын ХАБЭА-н зохион байгуулалт,
  - Ажил олгогчийн эрх, үүрэг
  - ХАБЭА-н асуудал хариуцах байгууллагын удирдлага, тогтолцоо, бүрэн эрх, санхүүжилт, 
  -Хяналтын тогтолцоо, 
  -Хууль, тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага 

Энэ хуулиар зохицуулах харилцаа:
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх төрийн бодлого үндсэн зарчмыг тодорхойлох,
- Төрийн байгууллагын удирдлага, хяналтын тогтолцоог бий болгох,
- Ажлын байранд тавигдах ХАБЭА-н шаардлага, стандартыг хангах, 
- Ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэх зэрэг харилцааг зохицуулж байгаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль нь 9 бүлэг, 37 зүйлтэй.

Нэгдүгээр бүлэгт:
Хуулийн зорилт, хууль тогтоомж, хуулийн нэр томъёоны тодорхойлолт, хуулийн үйлчлэх хүрээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар төрөөс баримтлах бодлого, зарчмын тухай зүйлүүд тусгагдав. 

Хуулийн үйлчлэх хүрээ:
- Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогч, ажилтан,  /Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.1,  3.1.2,/
- Хувиараа хөдөлмөр эрхлэгч, 
- Иргэд хоорондын гэрээгээр ажиллагчид, 
- Хоршоо, нөхөрлөлийн гишүүд, 
- Ял эдэлж байгаа хоригдол, 
- Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч, цэргийн сургуулийн сонсогч , 
- Хугацаат болон гэрээт цэргийн албан хаагч, дайчилгаа, цугларалтанд оролцож байгаа цэргийн үүрэгтэн
- Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж байгууллагад ажилладаг монгол улсын иргэн, гадаадын болон харъяалалгүй  иргэд гэх мэт.

Дараах нэр томьёог агуулсан болно.

Тухайлбал:

3.1.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал гэж хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадварт үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй байхыг
3.1.3. Хөдөлмөрийн эрүүл ахуй гэж хөдөлмөрлөх явцад хими, физик, биологийн хүчин зүйлээс шалтгаалан хүний бие махбодь, мэдрэл, сэтгэхүйд өөрчлөлт орж өвчлөх, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг 
3.1.4. Хөдөлмөрийн нөхцөл гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчныг
3.1.5. үйлдвэрлэлийн хортой хүчин зүйл гэж хүний эрүүл мэндэд нөлөөлж өвчлүүлэх, сэтгэхүйд өөрчлөлт оруулах, хөдөлмөрлөх чадварыг бууруулах, мэргэжлийн өвчин бий болгох уршиг бүхий үйлдвэрлэлийн хүчин зүйл
3.1.6. Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл гэж ажлын ээлжийн хугацаанд хурц хордлого, үйлдвэрлэлийн осолд хүргэх, хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах хүчин зүйлийг
3.1.7. Ажлын байран дахь эрсдэл гэж иргэнийг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчинд хүргэж болзошгүй ажлын байрны нөхцлийг 

Хоёрдугаар бүлэгт:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, үйлдвэрлэлийн барилга байгууламжид тавих шаардлага, үйлдвэрлэлийн барилга байгууламжийг хамтран эзэмших, ашиглахад тавих шаардлага, машин механизм, тоног төхөөрөмжид тавих шаардлага, өргөх, зөөх, тээвэрлэх механизмд тавих шаардлага, даралтат сав, шугам хоолойд тавигдах шаардлага, химийн хорт  ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодистой харьцахад тавих шаардлага, галын аюулгүй байдалд тавих шаардлага, эрүүл мэндийн үзлэг, ажилтныг ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлд тавигдах шаардлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  болон мэргэжлийн сургалтын талаар тусгав.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт
Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу сургалтанд хамрагдаж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар мэдлэг, дадлага олж авахаар хуульд тусгаж өгсөн.  /17-р зүйл./
Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд 2-оос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтнаа хамруулан шалгалт авч байхаар хуульд заасан. 

Гуравдугаар бүлэгт:
Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулахтай холбогдсон эрх, үүргийн талаар тусгасан. /18-р зүйл/ 

Дөрөвдүгээр бүлэгт:     
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцах байгууллагын тогтолцоо, Улсын Их Хурал, Засгийн газар, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн  Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээний санхүүжилтийн талаар тодотгон оруулжээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээг  санхүүжүүлэх эх үүсвэр:
Улсын болон орон нутгийн төсөв, гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хандив, гадаадын зээл, тусламж, бусад  боломжтой эх үүсвэрийг хуульд тусгасан.
Энэ хуулийн 26.2-т төсвийн байгууллага улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зардлын 0,3 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэрлэл үйлчилгээний зардлын 1,0 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулж байна. 

Тавдугаар бүлэгт:
Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөл, ажилтан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажил олгогчийн эрх, үүргийн талаар тусгажээ.
- Нийгмийн хамгаалал , хөдөлмөрийн сайдын 2008 оны 126 дугаар тушаалын дагуу уг асуудал зохицуулагдаж байгаа. 
- ХАБЭА-н талаар ажил олгогчын эрх, үүрэг.
1. Үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл   үзүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах.
2. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах.
3. Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах ХАБЭА-н менежмент нэвтрүүлэх.
4. Ажлын байранд учирч болох аюул ослыг арилгах, хяналт тавих зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийлгэх.
5. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийлгэх.
6. Ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлэх.  Гэх мэт... 

Ажил олгогчын эрх:
1. ХАБЭА-н асуудал хариуцсан зөвлөл байгуулах, ажилтныг ажилд томилох, ажлаас өөрчлөх. 2.ХАБЭА-н талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүний төсөв, зардлыг баталж, хэрэгжүүлэх. 3.ХАБЭА-н дүрэм журмыг зөрчсөн ажилтанд энэ хууль болон Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд заасан хариулага хүлээлгэх. 

Зургадугаар бүлэгт:
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын үед авах арга хэмжээ, мэргэжлээс шалтгаалах өвчин, түүнтэй холбогдсон хөдөлмөр зохицуулалт, ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээний талаар тусгагдлаа. 

Долдугаар бүлэгт:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төрийн захиргааны хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар тавих олон нийтийн хяналт, аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналтын талаар тусгагджээ.

Наймдугаар бүлэгт:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар тусгагдав. /36-р зүйл./
Ажил олгогчын буруутай үйл ажиллагааны улмаас ҮО, ХХ гарсан бол 350.000-500.000 төгрөгөөр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч торгоно.
ҮО, ХХ хоёр ба түүнээс дээш удаа гарсан тохиолдолд албан тушаалтныг 1.000.000-2.000.000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 1.500.000-3.000.000 төгрөгөөр шүүгч, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч торгоно.

Есдүгээр бүлэгт:
Ажил олгогч, ажилтан болон хөдөлмөр эрхэлж буй этгээдийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх талаар тусгагдсан байна.
/37.1. ХАБЭА-н асуудлаар ажил олгогч, ажилтан болон хөдөлмөр эрхэлж буй этгээдийн хооронд үүссэн маргааныг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэнэ./
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль батлагдсантай холбогдуулан  Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.
ХАБЭА-н тухай хуультай холбогдуулан гарсан тогтоол, дүрэм, журам
Монгол улсын Засгийн газрын 2009 оны 01 сарын 14-ний өдрийн 14-р тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан  бүртгэх” дүрэм. 
”Ажлын байрны аттестатчлалын мөрөөр авах зарим арга хэмжээний тухай” Монгол улсын Засгийн газрын тогтоол.    2009.04.22.  дугаар 122 Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 12-р сарын 02-ний өдрийн 126 тоот тушаалаар батлагдсан “Зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив”
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 12-р сарын 02-ний өдрийн 127 тоот тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, шалгалт авах журам”
“Хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийх журам батлах тухай”  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаал.   2008.12.22.  Дугаар 138

Ач холбогдол

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага, хяналтын тогтолцоо  бүх шатанд бий болж, улс орны эдийн засгийн тогтворжилтод  хүний эрх, аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн механизм бүрдэнэ.
  •  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон бусад байгууллага, ажил олгогч, ажилтан, иргэий эрх, үүрэг тодорхой  болж, хариуцлага нь өндөржинө.
  •  Аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент нэвтрэн  үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогоос урьдчилан сэргийлж, ажилтныг хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах, эрүүл аюулгүй ажиллах эрх зүйн баталгаа сайжирна.   

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуульд орсон удирдлага, зохион байгуулалтын зарим асуудал

- Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийн хүрээнд мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөл хариуцсан байгууллагыг  байгуулж ажиллуулах. /22.1.9-д/ Мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвийг Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын төв болгон өөрчилж зохион байгуулав.
- Төрийн захиргааны байгууллага, ажил олгогчийн болон ажилтны эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөл бүхий тэнцүү тооны гишүүдээс бүрдсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороог байгуулж ажиллуулахаар болсон. /зүйл 23-д/

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай бие даасан хуультай  болсон нь:

нэгд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх төрийн бодлого үндсэн зарчмыг тодорхойлох, хоёрт, төрийн байгууллагын удирдлага,хяналтын тогтолцоог бий болгох, гуравт, ажлын байранд тавигдах ХАБЭА-н шаардлага, стандартыг хангах, дөрөвт, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэх, тавд,  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, сурталчилгаа, мэдээллийг зохион байгуулах зэрэг харилцааг  зохицуулах боломжтой болсон.